Pages

Tuesday, November 30, 2010

Дадлага хийсэн тайлан

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн
мэдээллийн технологийн менежер Ж.Бэгзсүрэнгийн
АНУ-ын Мэрилэнд мужын Балтимор хот дахь

Enoch Pratt Free Library
Maryland State Library for the Blind and Physically Handicapped

номын сангуудад дадлага хийсэн тайлан

2010 оны 11 сарын 29

Миний бие 2010 оны 10 сарын 4-8 өдрүүдэд Балтимор хотын Enoch Pratt Free Library буюу Хотын нийтийн төв номын санд, 10 сарын 8-9, 12-15 өдрүүдэд Maryland State Library for the Blind and Physically Handicapped буюу Мужын хараагүйчүүд болон тахир дутуу иргэдэд үйлчлэх номын санд дадлага хийж, суралцаад ирлээ.

Балтимор хотын нийтийн төв номын сан Enoch Pratt Free Library нь АНУ-ын анхны нийтийн номын сангуудын нэг ба 120 гаруй жилийн түүхтэй. Энэ номын сан нь Балтимор хотынхоо нийтийн номын сан төдийгүй, Мэрилэнд мужын Мэдээллийн төвийн үүргийг давхар хариуцан гүйцэтгэж, улмаар Муж болон хотоосоо санхүүжилт авч өдөр тутмын үйл ажиллагаагаа, мөн хандивлагч байгууллага, иргэдийн туслалцааг авч шинэ технологи үйлчилгээг явуулдаг юм байна. Нийт 22 салбар номын сан, 2 явуулын хөдөлгөөнт номын сантайгаар энэ мужийн иргэн бүрийн амьдралын чанарыг сайжруулах, баялаг болгох, хүчирхэгжүүлэхэд чиглэсэн үйлчилгээ ба мэдээлэлийг ижил тэгш хэрэглэх боломж, нөхцөлтэйгээр үйлчилгээг явуулдаг.

Балтимор хот дахь Мэрилэнд мужын Хараагүй болон тахир дутуу иргэдэд үйлчилдэг номын сан нь уншлагын заал танхим гэх зүйлгүй ба уншигчдынхаа бүртгэлийн дагуу шуудангийн төлбөргүй системээр гэрт нь тэдэнд зориулсан технологиор бүтээгдсэн ном, хэвлэлийг түгээж үйлчилдэг маш нарийн тогтолцоо, технологийг ашигладаг тусгай номын сан байна.

Аль аль номын сангийн нь төсөв хөрөнгө өнгөрсөн жилүүдэд багасаж, ажиллагсадаа цомхтгож байгаа ч үйлчилгээнд хүндрэл гаргахгүйн тулд хасагдсан ажилтаныхаа гүйцэтгэж байсан ажил үүргийг үлдсэн ажилчидад хуваарилж хийлгэх, ээлжээр хамтран гүйцэтгэж байгаа арга барил нь манай номын санд нэвтрүүлэхүйц санагдсан. Энэ өөрчлөлтөө тэд re-positioning, shifting staffs гэж нэрлэж байна. Манай номын санд байдаг ажиллагсадыг сэлгэн ажиллуулдагтай адилхан юм шиг боловч, илүү нарийн зохион байгуулалттай санагдсан.

Нийтийн номын сангуудын үйлчилгээг бидний ойлгодог зөвхөн номын санд сууж ном уншдаг хэлбэрээс 1880-аад оны үед татгалзаж, улмаар иргэдэд техник технологийг сургах, танилцуулах, мэдээ мэдээллийг олж авахад нь тусалдаг иргэдийн хөгжлийн мэдээллийн төв болгож хөгжүүлснөөр өнөөдөр нийтийн номын сангийн нэг ч үйл ажиллагаа иргэдийн туслалцаа, оролцоогүйгээр явагдахаа больсон нь бахархууштай байлаа.

Номын сангийн хэвлэмэл тараах материалуудыг хэвлэх, шинэ үйлчилгээ нээх, техник технологи нэвтрүүлэх нь төсвийн мөнгөөр бус хандивлагч, хамтран ажиллагч байгууллага, иргэдийн мөнгөөр санхүүждэг болсон байна зэрэг болон бусад маш олон бид үйлчилгээндээ анхаарч, хэрэгжүүлэхүйц санаануудыг тайландаа бичсэн. Мөн АНУ-д 18 хоногт үзэж харсан, сурч мэдсэнээ 60 хуудастай тэмдэглэл-гарын авлага болгон бичиж интернэтэд байрлуулсан.

Монголын нийтийн номын сангууд өнөөгийн үйлчилгээний орчиноо эрс өөрчилж, элдэв хязгаарлалтгүйгээр орон нутгийн иргэдээ ялгаваралгүйгээр, эрх тэгш мэдээллээр хангах үүргээ гүйцэтгэх цаг нэгэнт болжээ. Учир нь бид Дэлхийн стандартаас төөрч, хэт хол хаягджээ. Эсвэл Монголын нийтийн номын сангууд бол өөр гэдгээ ил тод Дэлхийд зарлах цаг болжээ.

НҮБ-ийн Ерөнхий ассамблейн 217/A/III тогтоолоор 1946-12-10 өдөр батлагдаж, гишүүн улсууд бүх заалтыг дагаж мөрдөхийг уриалсан Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19-р заалт болон Public Lending Right http://www.mn-nhrc.org/hunii-erhiin-tugeemel-tunhaglal, http://archive.ifla.org/III/clm/p1/PublicLendingRigh.htm, http://en.wikipedia.org/wiki/Public_Lending_Right зэргийг номын сангийн үйлчилгээг шинэ шатанд ойлгох үндэслэлээ болгох шаардлагатай байна.

· МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар боловсруулагдаж эхэлсэн Монгол Улсын Номын сангийн тухай хуулийн ажлын багт АНУ-ын номын сангийн хуулийн мэргэжилтэнгүүдийг урьж оролцуулах боломжийг хайх

· Монголын номын санчдыг АНУ-д номын сангийн мастераар суралцах, дадлага хийхэд нь дэмжлэг үзүүлэх боломжуудыг хайх, мөн Монголын нийтийн номын сангийн дарга, эрхлэгч нарт АНУ-ын багш нараар орчин үеийн нийтийн номын сангийн удирдлага, менежмент, үйлчилгээний талаар сургалт зохион байгуулах боломжийг хайх

· Улаанбаатар хотын нийтийн төв номын сан гэдгийнхээ хувьд, Улаанбаатар хотын тухай бичигдсэн бүх ном хэвлэл, фото зураг, болон бусад мэдээллийн материалыг хэвлэмэл болон цахим байдлаар цуглуулж, Ulaanbaatar Resource Center-ийн үүргийг гүйцэтгэж, Улаанбаатар хотыг иргэдэд танилцуулсан төв мэдээллийн байгууллага болох нь манай номын сангийн салшгүй нэг үйлчилгээ юм байна.

· Номын сангийн эргэн тойрны зай талбайг одоо нэмж өөр байгууллагуудад алдахгүйгээр, Хотын газрын алба, Хотын хөгжлийн алба зэрэгтэй хамтран Хотын номын сангуудад өргөтгөл барих төлөвлөлтийг хийх, шаардлага хэрэгцээг ойлгуулах

· Нийтийн номын сангуудад зохион байгуулагдаж байгаа соёл танин мэдэхүй, олон нийтийн арга хэмжээнүүдийн мэдээллийг нэг доор төвлөрүүлж, нэгтгэх, улмаар Олон нийтийн арга хэмжээнүүд зохион байгуулах Conference, Мeeting өрөөнүүдийг номын сан бүрт байгуулж, техник хэрэгслэлээр тоноглох

· АНУ-ын номын сангуудын Найз нөхдийн холбоо гэдгийн жинхэнэ утгыг Монголд гаргаж ирж, бий болгож ажиллуулах, улмаар хуучин номын худалдаа, сайн дурын гишүүд, олон нийтийн оролцоо, туслалцааг нэмэгдүүлэхэд энэ холбоог ашиглах

· Найз нөхдийн холбоо болон Private money буюу иргэд байгууллагын хандив тусламжаар санхүүжиж хэвлэгддэг Номын сангийн 2 сар тутмын хэвлэлтэй болох

· Номын санд зориулсан Book Drop Box-ийг төмөрөөр юм хийдэг компанитай хамтран хийж, гадна талдаа байрлуулах, эсвэл гаднаас шургуулах нүхтэйгээр дотор талд байрлуулах, ингэснээр номын сангийн тэмдэгтэй номууд, мөн номын хандивыг хялбархан, ажлын бус цагаар ч цуглуулах боломжтой болно.

· Номын сангийн ном бүрийн толгойд Хотын нийтийн номын сан гэсэн тэмдэг дарах, ингэснээр номыг гаднаас нь хараад л манай номын сангийнх гэдгийг нь мэдэж чадна.

· Digital Signing гэж нэрлэгддэг манайд байгаа 42 инчийн зурагтыг мэдээлэл түгээх сервер, клиент компьютертай холбож, жинхэнэ утгаар нь ажиллуулах

· Замын огцом эргэлт дээр байрлуулсан байдаг Дугуй толиудыг Үйлчилгээний заал танхим, Чөлөөт сонголттой фондуудын эгнээ бүрт байрлуулснаар Номын санчдын хяналт, ажиглалтаас гадна тавиурыг тойрох үед уншигчид бие биетэйгээ мөргөлдөх, цочих дуу алдахаас сэргийлнэ

· Номын санд орж ирж байгаа иргэд, уншигчдыг түргэн шуурхай мэдээллээр хангах зорилготой Information Desk, номын сангаас ном хэвлэл, мэдээллийг олж ашиглахад нь туслах зорилготой Service Desk зэргийг байгуулж, одоо байгаа номын санчид, ажиллагсадыг цагаар очиж ажиллах, Hourly Schedule-ийг хийж хэвших, мөн Service Desk Statistics-ийн бүртгэл, тайлангийн системийг ашиглаж үйлчилгээгээ зохион байгуулах

· Номын сангийн вэбийг шинээр зохион байгуулж, бүх ажиллагсадын хамтын бүтээл, иргэдэд мэдээллээр үйлчлэхүйц байхаар өөрчлөх

· Номын сангийн уншигч, үйлчлүүлэгчдээс зөвлөгөө, санал хүсэлтийг цуглуулах хэлбэрийг номын санчдаас хамааралгүй болгож, EPFL-ийн HOW IS PRATT DOING? шиг хэлбэрт оруулах хэрэгтэй байна

· Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран өргөжүүлэх, хэрэглэгчдийн Application форм дээр эмчийн тодорхойлолтыг бичүүлсэн байх

· Шуудангийн төлбөргүй системийг хэрхэн ашиглах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэрт тэр хүмүүст жирийн биш зориулалтын ном, мэдээллийг номын сангаас хүргүүлэх, буцааж авчрах системийг оновчтойгоор тодорхойлох

· Гадаадад аялаж, суралцаж, ажиллаж ирсэн хүмүүсээр тухайн улсын талаар яриулж, санал бодлыг солилцдог олон нийтэд зориулсан сар/14хоног/долоо хоног тутмын Дэлхийгээс суралцацгаая ярилцлагын хөтөлбөртэй болох

Тайлан бичсэн Ж.Бэгзсүрэн

No comments:

Post a Comment